smokefree

Төрсний дараах үе

Сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг мэдэж авснаар өөрийгөө болон хүүхдээ дам тамхидалтаас хамгаалаарай. 

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхи татах нь тайвшруулж, стресс тайлж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн ч таны биед маш хортой. Таны зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны даралтыг ихэсгэнэ гэдгийг бүү мартаарай.

Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь жирэмсэн үед болон төрсний дараа үүсч буй сэтгэл гутралыг хэлдэг. Ямар ч эмэгтэй төрсний дараах сэтгэл гутралд орох боломжтой ч тамхи татдаг эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд орох эрсдэл өндөртэй байдаг.

Ямар шинж тэмдэгүүд илрэх вэ?

Ямар шинж тэмдэгүүд илрэх вэ?

Төрсний дараах сэтгэл гутралын үед гуниглах, амьдрал хоосон, утгагүй, хэнд ч хэрэггүй мэт санагдах гээд сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс гадна танд доорх зүйлс илэрч болно: 

  • Хүүхэд тайван унтаж байхад унтаж амарч чадахгүй байх 
  • Мэдрэмжээ алдаж, хүүхэдтэйгээ холбогдож чадахгүй байгаа мэт санагдах 
  • Хүүхдийнхээ талаар муу болон айдас хүргэм бодлууд орж ирэх 
  • Өөрийгөө болон хүүхдээ гэмтээх бодол орж ирэх 
  • Сайн ээж байж чадахгүй байна гэж гэмших эсвэл хүүхдээ халамжилж чадахгүй байна гэж ичиж санаа зовох 

Жирэмсэн үе болон төрсний дараа гуниглах, сэтгэлээр унах нь хэвийн үзэгдэл. Төрсний дараах сэтгэл гутралтай хүмүүст эдгээр шинжүүд өдөрт хэд хэдэн удаа багадаа 2 долоо хоног үргэлжилдэг. Энэ нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа болон чухал зүйлсийг хийхэд саад учруулдаг талтай.  

Хэрэв та хүүхдээ төрүүлсний дараа сэтгэлээр унаад байгаа бол өрхийн эсвэл мэргэжлийн эмчтэй ярилцан төрсний дараах сэтгэл гутрал байгаа эсэхийг шалгаарай. Эрт оношилж эмчлэхгүй бол дараах сөрөг үр дагаварууд гарах эрсдэлтэй. Үүнд: 

  • Өөрийгөө болон хүүхдээ асран халамжилж чадахгүй болох  
  • Хүүхдийнхээ идэх, унтах болон зан аашинд сөргөөр нөлөөлөх 
  • Хүүхэдтэйгээ харьцаж чадахгүй байх  
  • Тамхи татахгүй тууштай байхад саад учруулах   

Тамхинаас гарах болон сэтгэл гутралыг эмчлэх боломжтой. Сэтгэл гутралаа даван туулах хэцүү ч,  тамхигүйгээр даван туулсан олон эхчүүд байдаг.

Дэмжлэг авахдаа зовох хэрэггүй.

Хэрэв танд сэтгэл гутралын шинж тэмдэг илэрвэл, түүнийг ганцаараа даван туулахыг бүү хичээ. Тусламж, дэмжлэг заавал аваарай.  

  • Гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаж, сэтгэл санаагаа илэрхийл. Байнгын харилцаатай байх нь таны сэтгэл санааг өргөнө 
  • Эмчтэйгээ ярилц. Танд эмчилгээ зөвлөсөнөөр сэтгэл гутралын шинж тэмдэг болон түүний үргэжлэх хугацаа багасна 

Сэтгэл гутралтай хүмүүс заримдаа өөрсдийгөө гэмтээх болон үхэх талаар боддог. Хэрэв танд болон таны таньдаг хүнд эдгээр мэдрэмж, шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол яаралтай туслалцаа аваарай. 

Ажил, гэр, сургууль, найз нөхөд, хүүхэд асрах зэрэг амьдралын хэмнэлийн тэнцвэрийг хадгалах нь хүнд. Эцэг эх байх явдал нь стрессдүүлж, зарим өдөр давж туулахад бэрх мэт санагдахад та тамхи татаж тайвшрахыг хүсч магадгүй. Стресс бухимдлаа тайлахад туслах аргуудаас дурдвал: 

  • Сайн амарч эрч хүчээ нөхөж ав. Хангалттай унтаж амрах нь эцэг эхэд эрч хүчээ нөхөж авах боломж өгдөг. Амьсгалын дасгал таныг тайван байхад тусална. Гүнзгий амьсгал аван хэдэн секунд бариад, амьсгалаа гаргана. Ингэснээр таны зүрхний цохилт удааширч, бие махбод амарч тайвширхад тусалдаг. 
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, зөв хооллох. Дасгал хөдөлгөөн бол стресс тайлах хамгийн шилдэг арга юм. Эрүүл хоол хүнс хэрэглэх нь таны сэтгэл санаа өөдрөг байлгана. Долоо хоногийн хоолны цэсээ гаргаж, хялбархан хийгдэх хоолыг тусгаарай 
  • Асуудал болгоныг шийдэх гэж зүтгэлгүй, чухал шаардлагатайг шийдээрэй. Та аль асуудал илүү чухал, аль нь хойшлуулж болох гэдгийг шийдснээр стрессээ багасгаж чадна. 
  • “Үгүй” гэж хэл. Бүх зүйлд “за” гэж хэлэх нь таныг завгүй байлгаж, гэр бүлээс тань холдуулна. Заримдаа “үгүй” гэж хэлэх нь танд хугацаа хэмнэж, тусална. 
  • Хүмүүсээс тусламж хүс. Та гэр бүлийнхнээсээ тусламж авахад болохгүй зүйлгүй. Та асуухгүй л бол тэд танд юу хэрэгтэй болон яаж туслахаа мэдэхгүй. 
  • Өөртөө хөрөнгө оруулалт хий. Усанд хэвтэж биеэ амраах, найзуудтайгаа оройг өнгөрөөх, гараад 20 минут алхаж ч болно. Өөрийгөө хайрлаж халамжлах нь стресс, бухимдлаа тайлах үр дүнтэй аргын нэг. 
  • Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа хөгжилдөх цаг гарга. Хамтдаа дугуй унаж, ойрхон аялалд гарах, нэг оройг гэр бүлээрээ хамтдаа тоглож өнгөрүүлэх гэх мэт. 
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
Г. Зулхүү болон Т. Хулан эмчийн баг танд туслахад бэлэн байна.
МЕССЕНЖЕР ЧАТАД СУУРИЛСАН ЦАХИМ ТУСЛАХ

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation