smokefree

Эрүүл мэндийн нөлөөлөл

Тамхи нь бараг бүх эрхтэн тогтолцоог гэмтээдэг. Тамхи татах нь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар эндээс мэдэж авна уу.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх

Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад эрүүл мэндийн асуудалтай байх, өвдөх магадлал илүү байна. Зарим хүмүүст эрүүл мэндийн асуудлууд тэр дороо нөгөөд нь аажим илэрдэг.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд

Тамхи татдаг эмэгтэйчүүд тамхи татдаггүй эмэгтэйчүүдийг бодвол  

  • Сарын тэмдэг тогтворгүй эсвэл өвдөлт ихтэй байх
  • Өндгөвчнөөс ялгарах эстроген дааврын түвшин буурч сэтгэл санаа хямрах, сульдах, үтрээний хуурайшил үүснэ  
  • Цэвэршилт харьцангүй залуу насанд эхлэх ба цэвэршилтийн шинж тэмдэг илүү хүндээр илрэх.
  • Жирэмслэхгүй байх.

Амьсгалын замын асуудлууд

Тамхи татдаг хүмүүсийг татдаггүй хүмүүстэй харьцуулахад уушигны архаг бөглөрөлт өвчнөөр (УАБӨ) өвчлөх нь элбэг. Энэ өвчлөлийн үед амьсгалахад хүндрэлтэй болох ба жил ирэх тусам улам хүндэрдэг. УАБӨ бүрэн эмчлэгдэхгүй ба зөвхөн шинж тэмдэг дарах эмчилгээ л хийгддэг.

  • Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад УАБӨ-өөр арай залуу насанд, хүндээр өвчлөх хандлагатай  
  • Эмэгтэйчүүд УАБӨ-ний улмаас илүү ихээр нас бардаг

Зүрх судасны асуудлууд

Тамхи татдаг хүмүүст зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэл нэмэгддэг буюу зүрх судасны өвчин (ЗСӨ) нь нас баралтын тэргүүлэх шалтгаан юм. 50-аас доош насны зүрхний өвчтэй хүмүүсийн шалтгаан нь голдуу тамхитай холбоотой байдаг. 

  • 35-аас дээш насны тамхи татдаг эмэгтэйчүүд ЗСӨ-өөр нас барах эрсдэл тамхи татдаг эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү байдаг.
  • Жирэмснээс хамгаалах эм хэрэглэдэг, тамхи татдаг ялангуяа 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд зүрхний өвчний эрсдэл өндөр 
  • Тамхи татдаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад хэвлийн гол судасны цүлхэн буюу зүрхнээс биеийн бусад хэсэгт цусыг дамжуулдаг гол судасны сулралаар нас барах эрсдэл өндөр

Хорт хавдар

Тамхи татдаг хүмүүс олон төрлийн хавдраар өвчлөх эрсдэлтэй. Үүнд: уушиг, нойр булчирхай, бөөр, элэг, хоолой, давсаг, бүдүүн шулуун гэдэсний хавдар гэх мэт. тамхи татах нь эмэгтэйчүүдэд тохиолддог өвөрмөц хавдруудын эрсдэлийг нэмэгдүүлдэг:

  • Умайн хүзүүний хавдар 
  • Уушигны хавдар. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд уушигны хавдар эрэгтэйчүүдтэй харьцуулахад залуужсан (30-49 нас) байна.
  • Хөхний хавдар
 

Тамхинаас гарсан тэр мөчөөс эхлэн таны бие махбод, сэтгэл санаа эрүүлжиж эхлэнэ, дуртай зүйлсээ хийх эрч хүчийг нэмэгдэнэ. Өвчилж болзошгүй зарим өвчний эрсдэлийг ч бууруулдаг талтай. Тамхинаас эрт гарах тусам таны биед гарах эерэг нөлөө, үр дагавар төдий чинээ их байна.

Тамхи болон жирэмслэлт

Тамхи татдаг эмэгтэйчүүд жирэмсэн болоход хүндрэлтэй байдаг. Хэрэв та жирэмсэн бол никотин нь ургийн хөгжил болон төрсний дараа хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлнө.

Жирэмсэн үедээ тамхи татах нь таны хүүхдэд олон асуудлыг үүсгэх эрсдэлтэй. Жишээ нь:

  • Дутуу төрөх 
  • Ургийн гаж хөгжил үүсэх (уруулын сэтэрхий)
  • Бага жинтэй хүүхэд төрөх
  • Төрөхөөс өмнө болон бага насанд тархи хэвийн хэмжээнээс бага байх
  • Нярайн гэнэтийн үхлийн хам шинжээр нас барах 
 

Эмэгтэйчүүд тамхинаас гарах нь өөртөө болон хүүхдийнхээ төлөө хийж байгаа эрүүл сонголт юм. Тамхийг хаяснаар зулбах болон умайн гадуурх жирэмслэлтийн эрсдэлийг бууруулдаг.

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх
Г. Зулхүү болон Т. Хулан эмчийн баг танд туслахад бэлэн байна.
МЕССЕНЖЕР ЧАТАД СУУРИЛСАН ЦАХИМ ТУСЛАХ

Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч: ОНОМ САН

Хамтран ажиллагч байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газар, Наркологийн эмнэлэг

#SmokeFreeMongolia #OnomFoundation

Санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

2020 | Onom Foundation