ТАМХИНААС ГАРАХАД ДЭМЖЛЭГ БОЛОХ

Бупропион SP, Варениклиний эмчилгээ

Эмийн эмчилгээ нь тамхинаас гарах боломжийг 2 дахин нэмэгдүүлдэг гэж үздэг. Гэвч одоогоор манай улсад олон улсад хэрэглэгддэг зарим нэг эмийн эмчилгээнүүд нэвтрээгүй байна.

Бупропион SP

Зөвхөн жороор олгогддог энэ эм нь тамхи татах хүсэл бууруулах, никотиныг үгүйлэх хам шинжийг бууруулахад тусалдаг. Уг эм нь никотин агуулдаггүй бөгөөд зөвхөн эмчийн жороор олгогдох тул та эмчид үзүүлж зөвөлгөө авснаар хэрэглэх боломжтой юм. Уг эмийг нилээд удаан хэрэглэж биед тодорхой хэмжээний эм хуримтлагдсаны дараагаар тамхинаас гаргах нөлөө үзүүлж эхэлдэг. Уг эмийг хэрэглэх үед зарим хүмүүст гаж нөлөө илэрдэг. Голлон тохиолддог гаж нөлөө нь ам хуурайших, нойргүйдэх зэрэг юм.  

Бупропион SR эмийг дараах хүмүүст хэрэглэж болохгүй байж болзошгүй.

  • Жирэмсэн эхчүүд  
  • Унаж татах эмгэгтэй хүмүүс 
  • Хоолны дуршилыг эмгэгтэй хүмүүс 
  • Архи хэтрүүлэн хэрэглэгч хүмүүс

 

Жич: Одоогоор энэ эм манай улсад бүртгэгдээгүй байна. 

Варениклин

Зөвхөн жороор олгогддог энэ эм нь никотиныг үгүйлэх хам шинжийг бууруулахаас гадна хэрэв дахин тамхи татаж эхэлвэл никотины үйлчилгээг саатуулдаг. Уг эм нь никотин агуулдаггүй тул бусад никотин орлох эмчилгээтэй хавсарч хэрэглэж болдог. Уг эмийг нилээд удаан хэрэглэж биед тодорхой хэмжээний эм хуримтлагдсаны дараагаар тамхинаас гаргах нөлөө үзүүлж эхэлдэг. Уг эмийг хэрэглэх үед тохиолддог гаж нөлөө нь дотор муухайрах зэрэг ходоодны асуудлууд мөн хар дарж зүүдлэх болно. Зарим ховор тохиолдолд сэтгэл санааны байдал тогтворгүй болох, сэтгэл гутралд орох улмаар амиа хорлох талаар бодох зэрэг мэдээлэгдсэн байдаг. Хэрвээ та энэ эмийг хэрэглэж байх явцад эдгээрээс аль нэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.  

Варениклин эмийг дараах хүмүүст хэрэглэж болохгүй байж болзошгүй. 

  • Бөөрний асуудалтай хүмүүс 
  • Жирэмсэн, хөхүүл эсвэл жирэмслэхээр төлөвөж буй эмэгтэйчүүд 

 

Жич: Одоогоор энэ эм манай улсад мөн бүртгэгдээгүй байна. 

Эмийн эмчилгээ хэдийгээр таныг тамхинаас гарахад дэмжлэг болох боловч дангаараа бүрэн нөлөөлөхгүй танд бусад дэмжлэг мөн хэрэгтэй болно. 

Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх