Монгол улсын 15-64 насны эрэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ 49.1% байсан бол эмэгтэйчүүдийн дунд 5.3% буюу нийт 560 гаруй мянган хүн байна.
Цааш үзэх
Бид хөтөлбөрөө төр, төрийн бус байгууллагууд болон хувийн хэвшил, иргэд, олон нийттэй хамтран үндсэн 5 чиглэлээр хэрэгжүүлнэ.
Тамхины хор нөлөөг таниулах аян:
Олон нийтэд тамхины хор уршгийг ойлгуулан таниулах замаар нийтээрээ тамхинаас татгалзахад дэмжлэг үзүүлэх.
Та ч бас гарч чадна:
Tамхи татдаг хүмүүсийг тамхинаас гарахад дэмжлэг үзүүлж тамхины хамааралтай хүмүүсийн тоог бууруулах.
Тамхигүй орчин:
Дам тамхидалтыг бууруулах, ялангуяа хүүхдийг дам тамхидалтаас сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх.
Тамхигүй Ирээдүй бодлого:
Тамхины хэрэглээг бууруулах бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж олон улсын туршлага, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.
Тамхины хэрэглээний хяналт, үнэлгээ:
Хүн амын дундах тамхины хэрэглээ, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд хяналт, үнэлгээ өгөх судалгааг тогтмол хийх.
Тамхинаас гарахад танд юу дутагдаж байна вэ?
мессенжер чатботод суурилсан дэмжлэг өгөх хөтөлбөрт хамрагдаарай.
ХѲТѲЛБѲРИЙН ҮНДЭСЛЭЛ, ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
Дэлхий дахинд эрт нас баралтын (70 наснаас өмнө нас баралт) гол шалтгаануудын нэгдүгээрт артерийн даралт ихсэлт хоёрдугаарт тамхидалт ордог байна. Лансет сэтгүүлд хэвлэгдсэнээр 2017 онд дэлхий нийтэд 8 сая хүн тамхидалттай холбоотой өвчний улмаас нас баржээ. Харин манай улсын тухайд 2017 онд артерийн даралт ихсэлтийн улмаас 5050 хүн нас барсан бол тамхи таталттай холбоотой өвчний улмаас 2934 хүн нас барсан гэж тооцоолжээ.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хийсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар сурагчдын 22% нь тамхи татаж үзсэн, 61.4% нь 14 наснаас өмнө сонирхож татсан, 10 орчим хувь нь сүүлийн нэг сард нэг болон түүнээс дээш өдөр тамхи татсан үр дүн гарчээ. Түүнчлэн нийт сурагчдын 44.6% нь дам тамхидалтанд байнга өртдөг буюу эцэг, эх, асран хамгаалагч нь тамхи татдаг байна.
Эдгээр болон бусад судалгааны үр дүнгээс харахад манай улсад тамхины хэрэглээ өндөр ялангуяа эрэгтэйчүүдийн дунд маш өндөр байгаа нь хүн амын эрүүл мэндийн байдалд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний тод жишээ нь 100 мянган хүнд ногдох тамхи таталттай холбоотой нас баралтаар дэлхийд эхний 10-т орж байгаа явдал юм.
Тамхины хэрэглээг бууруулах арга хэмжээг шат дараатайгаар урт хугацаанд, тогтмол авч хэрэгжүүлснээр хүн амын эрүүл мэндэд гарч буй сөрөг нөлөөг багасгах боломжтойг олон улсын туршлага харуулдаг. Тиймээс ч Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас санаачилсан тамхины хяналтын суурь конвенцид дэлхийн бүх орон нэгдэн орсон.
Дээр дурьдсанчилан хүн амын эрүүл мэндэд ноцтой хор учруулагч тамхины хэрэглээг бууруулах чиглэлд цогц арга хэмжээг нэн яаралтай авах цаг нь иржээ. Сайшаалтай нь өнөөгийн дэлхийн шинжлэх ухаан, манай орны анагаах ухааны хөгжил, бололцоо, техник технологийн дэвшил зэрэг нь энэхүү нийтийг хамарсан уршгаас салгах боломжтой үед ирээд байна.
Иймээс Оном сангаас “Тамхигүй Ирээдүй Хөтөлбөр” санаачлан тѳр, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэд, олон нийттэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж эхэллээ.
Тамхигүй Ирээдүй хѳтѳлбѳрийг хэрэгжүүлснээр хүн амын дундах тамхины хэрэглээ, дам тамхидалтыг бууруулах, улмаар тамхи таталтын шалтгаантай зүрх судасны өвчлөл, хорт хавдар зэрэг манай улсын нас баралтын гол шалтгаан болж буй өвчлөлийг бууруулах ач холбогдолтой.