Цуу яриа №1: Би жирэмсэн, тамхи татдаг. Ямар ч муу юм мэдэгдэхгүй байна. Тиймээс одоо тамхинаас гарах шаардлагагүй…
Бодит үнэн: жирэмсний аль ч үед тамхинаас гарах нь таны хүүхдэд ач тустай. Та нэг өдөр тамхи татахгүй байхад таны хүүхдэд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэг. Энэ нь таны хүүхдийн уушигны хөгжилд хэрэгтэй. Тамхинаас эрт гарах тусам таны хүүхэд дутуу жинтэй төрөх эрсдлийг бууруулна.
Цуу яриа №2: Жирэмсэн үедээ тамхи татахаа багасгах, эсвэл электрон тамхиар орлуулснаар хүүхдэд ямар ч эрсдэлгүй…
Бодит үнэн: тамхинд эрүүл, хоргүй хэмжээ гэж байхгүй. Ганц сорох нь хүртэл таны эрүүл мэнд болон хүүхдэд муугаар нөлөөлдөг. Электрон тамхи хор нөлөөгүй гэсэн үг биш. Тамхитай ижил никотин болон бусад химийн хорт бодисыг агуулж байдаг.
Цуу яриа №3: Тамхи намайг тайвшруулдаг. Тайван байна гэдэг нь хүүхэд болон миний биед сайн…
Бодит үнэн: тамхи татах нь тайвшруулж буй мэт мэдрэмж өгөх ч хор хөнөөл нь түүнээс илүү их. Тамхи татах нь таны зүрхний цохилтыг түргэсгэж, артерийн даралтыг нэмэгдүүлдэг. Мөн цусан дахь нүүрстөрөгчийн исэлийг ихэсгэж, таны хүүхдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг бууруулна.
Цуу яриа №4: Бага жинтэй хүүхэд төрүүллээ гээд буруудах юм байхгүй…
Бодит үнэн: жирэмсэн үедээ тамхи татдаг байх нь хүүхэд дутуу жинтэй төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Дутуу жинтэй нярай өвчлөх нь хэвийн жинтэй нярайтай харьцуулахад их байдаг. Эдгээр өвчлөл нь хүүхдийн эрүүл мэндэд ирээдүйд ч нөлөөлсөөр байх болно.
Цуу яриа №5: Өмнөх жирэмслэлтийн хугацаанд тамхи татдаг байсан ч эрүүл хүүхэдтэй болсон. Тиймээс миний дараагийн хүүхэд ч гэсэн эрүүл байна…
Бодит үнэн: жирэмсний хугацаанд тамхи татах болгонд та хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна гэсэн үг. Тамхи татдаг байгаад хүүхэд эрүүл байсан ч дараагийн хүүхэд тань мөн адил эрүүл байна гэсэн үг биш.
Цуу яриа №6: Би тамхи татдаг болохоор хүүхдээ хөхөөр хооллож болохгүй…
Бодит үнэн: хөхний сүү нь таны хүүхдэд өсөж, бойжиход нь хэрэгтэй шим тэжээлийг өгч байдаг. Та хүүхдээ хөхүүлж байхдаа тамхи татахгүй байх, гэр болон машин гээд орчин тойрноо тамхигүй байлгах эсвэл хүүхдээ хөхүүлсэний дараа тамхи татах зэргээр хүүхдээ дам тамхидалт болон никотины нөлөөнөөс хамгаалаарай.