ТАМХИГҮЙ ИРЭЭДҮЙН

Тамхи үйлдвэрлэгчид сургуулиудаар явж, янз бүрийн төсөл хэрэгжүүлдэг бөгөөд тэгэхдээ “18 нас хүрээгүй хүүхдэд бид тамхи зардаггүй”, “Та нар өсвөр насныхан учир тамхи татаж болохгүй” хэмээн ярьж таниулдаг байна. Их л шударга ариун сонсогдож буй энэ ухуулгад бас л далд сурталчилгаа нуугдаж байдаг аж. Том хүн болсны, эрх чөлөөт амьдралд орсны шинж нь тамхи юм байна гэж хэлсэнтэй агаар нэг дуулддаг байна. Түүнчлэн тамхи татахаар турдаг, тайвшруулдаг, тамхиа хаявал таргална  гэх мэт яриа хөөрөө нь үнэндээ далан худал бөгөөд бас л тамхи үйлдвэрлэгч, борлуулагч нарын далдуур хөөрөгддөг мэх байх талтай аж.

Тамхины томоохон компанийн дэд ерөнхийлөгч байгаад халагдсан Жефри Вийганд 1990-ээд онд тамхи үйлдвэрлэгчдийн “гутамшигт нууц”-ыг задалж, ихэд алдаршсан түүхтэй. Хүмүүсийг тамхинд донтуулахын тулд тамхи үйлдвэрлэгчид аммиакийн шинж чанарыг өргөн ашигладгийг тэрээр илчилсэн юм. Шээсний хүчлийг тамхинд нэвчүүлэх энэ аргыг 1950-иад оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ бодисын үйлчлэлээр никотин цусанд маш хурдан шингэж тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг байна. Түүнчлэн тамхи үйлдвэрлэгч компаниуд “14–24 насны залуучууд бол бидний бизнесийн зорилтот ирээдүй”, “Өсвөр насны хүүхэд бидний маргаашийн байнгын хэрэглэгч мөн” гэх мэтээр ирээдүйгээ тодорхойлсон байсан нь Жефри Вийгандын ачаар ил болж байжээ.

Монголын ихэнх тамхичид мөн ийм л насандаа тамхинд орсон байдаг. Сурагчдын дунд явуулсан судалгаагаар, 13-17 насны нийт сурагчдын 61,3 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн байдгийг тогтоожээ. Тэдний талаас илүү хувь нь тамхины бүрэн хамааралтай болсон тухай ч сэтгэл эмзэглүүлэм тоо дурайж байна.

Хөгжилтэй хөөрхөн “Микки хулгана” киногоороо хамгийн их алдаршсан кино найруулагч Уолт Дисней 65 насандаа уушгины хорт хавдраар нас барж, сая сая үзэгчид нь эмгэнэн гашуудаж байхад түүний компани нэгэн түүхэн мэдэгдэл хийсэн байдаг. Тэр нь Уолт Дисней компани тамхийг хэзээ ч кинондоо харуулахгүй хэмээсэн тунхаглал байв. 

Одоогоор, тамхи татахыг болон зарж борлуулахыг бүрэн хориглосон ганц улс байдаг нь Бутан юм. Гэхдээ дэлхийн улс орнууд энэ чиглэлд том амбицтай төлөвлөгөө хэрэгжүүлж байна. ОХУ хүүхдэд тамхи зарахыг хориглосон хатуу хууль гаргасан. Японы зарим компаниуд, тамхи татдаггүй ажилчдынхаа ээлжийн амралтын хоногийг нэмж урамшуулдаг болов. Тус улс 2040 он гэхэд тамхийг бүрэн хориглохоор төлөвлөж байна. Сингапур улс тамхи татагчдынхаа тоог 55 хувиас 14 хувь хүртэл бууруулсан кампанит ажлаараа алдартай.

Өдгөө өндөр хөгжилтэй орнуудын хувьд, чинээлэг иргэд, төрийн албан хаагч нарын нь дунд тамхины хэрэглээ хамгийн бага байгаа аж. Харин мэргэжил боловсролын түвшин доогуур иргэд нь тамхи илүүтэй татаж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, тамхи хэрхэн орчин тойронд болон эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлэл хангалтгүй, тамхи татахгүй байснаар ямар их өвчлөлөөс өөрийгөө хамгаалж болох талаар ойлголтгүй тул тамхи татсаар байна. Тиймээс тамхигүйн ирээдүийн төлөө, бид тамхины хор хөнөөлийг таниулан хүн амын дундах тамхины хэрэглээ, дам тамхидалтыг бууруулах, улмаар тамхи таталтын шалтгаантай зүрх судасны өвчлөл, хорт хавдар зэрэг манай улсын нас баралтын гол шалтгаан болж буй өвчлөлийг бууруулахыг зорьж байна.
Share on facebook
Хуваалцах
Share on twitter
Жиргэх